“Цагаан бороо”
номын тэмдэглэл
Зохиогч: Б.Номинчимэд
Номын тухай: 1800-аад оны төгсгөл 1900 оны эхний арван жилийн түүхийн үеийг хамрах энэ ном бол маш хүнд ном. Түүх гашуун байдаг гэдэг. Энэ бол Монголын түүхийн зовлонт үеийн тухай өгүүлсэн гашуун ном. Манжийн эрхшээлд зовж зовж зовлонгоос салъя гэхнээ Хятадын эрхшээлд зовно. Хятад үндэстэн өвөр хоорондоо хагаралдавч нэг л зүйл дээр эв санаа нийлдэг. Тэр нь ар Монголыг эзлэх. Яг л энэ санаагаа Монголын газар нутаг дээр хэрэгжүүлж, ард түмнийг минь хичнээн их зовоосныг уншихад зүрх зүсэгдмээр.
Цаг хугацаа баатрыг төрүүлдэг гэдэг. Энэ цаг энэ гашуун түүхээсээ Засагт ханы долоон хөх чоно гэгдэх мохошгүй зоригтой, улс орноо гэсэн үнэнхүү зүрхтэй долоон баатар эрийг төрүүлнэ. Хэдий тооны хувьд өчүүхэн ч тэр үеийн Монголын нутаг дээр дураар дурьгих Хятадуудтай эцэсээ хүртэл тэмцэлдэж буй тухай өгүүлэх энэ номын зарим үйл явдлыг уншихад яг л аймшгийн зохиол уншиж буй мэт санагдана.
Т.Галсан гуайн “Монгол хүний зүрхний бичээс” шүлгэнд ийм нэгэн мөр байдаг.
Эвдэрвээс бид Чин улсын босгоны боол шүү
Эвлэвээс бид Чингис богдын гүрэн бүрэн Монгол шүү
Яг л энэ мөртүүд хичнээн үнэн юм бэ? гэдгийг энэ номд өгүүлэх түүх болсон тэр хар бараан үйл явдал, он цаг батлах мэт.
Номд өрнөх үйл явдал дунд хүний сэтгэлд хүрэх мөртүүд цөөнгүй.
- Монгол хүн боолын заяагүй юм гэнэ билээ.
- Ер хүн хаана жаргадаг вэ? гэхээр нэг нэгэндээ итгэж хайрладаг, газарт л жаргадаг ажээ.
- Тууштай, зүтгэлтэй байваас бүхий л талаар далдаас тэтгэж, харж явдаг заяач тэнгэр гэж байдаг
- Өөрөө хэлсэндээ хүрдэг хүн л өрөөлийн хэлсэнд шууд итгэдэг.
- Хэрвээ хэн хүний цээжинд мар нэгэн гэрэлт дурсамж байх аваах тэр хүн тийм амархан бууж өгдөггүй.
- Хонзонт дайсан чинь юу мэддэг, чаддаг байна чи тэр бүгдийг мэддэг, чаддаг төдийгүй бүр илүү байх учиртай.
Номыг унших явцад нэгэн асуулт үргэлж толгойд эргэлдсэн нь “Монгол хүнээс тийм онцгой нэгэн үнэр үнэхээр үнэртдэг юм байх даа? гэдэг асуулт байв. Яагаад Хятад хүн тариан талбайгаа манахаар чоно ирээд барьж идээд байдаг атлаа Монгол хүнээр мануулахаар айгаад ойртож чадахгүй тойрч эргээд байна вэ? Энэ үнэхээр сонирхолтой санагдав.
Гадаадын амьтны хүрээлэнд байгаа Монгол чоно дэргэд нь Монгол хүн ойртоод очиход шогшиж ирээд тийм гэхийн аргаггүй гунигтай нүдээр ширтээд байсан гэдэг түүхийг уншаад гайхаж байсан минь энэ номыг уншихад ч мөн давтагдав. Тэгээд нэгэн этгээд бодол тархинд минь чавхдан орж ирэв.
Хэрвээ би нэг өөр нэгэн биенд шилжих боломж олдох юм бол гадаад хүн болж хувираад Монгол хүний хажууд зогсон амьтан хүртэл айгаад ойртож чаддаггүй, түмэн олон хүн дундаас онцгойрон үнэртэх Монгол хүний тэр үнэрийг үнэрлэж нэг үзнэ ээ.