Сүүжин ээмэгт Ксения
Сэтгэлийн цэнхэр хязгаар
Уншиж дуусгахад хайран ном гэж байдаг аж. Энэ ном бол тийм л ном.
Москва хотын Бабушкины Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцахаар очсон дөрвөн сонсогч Монгол залуу, зураач уран барималч мэргэжлээр Ленинград хотод суралцах Ксения нэрт Орос бүсгүй гэх гол дүрүүдээр дамжуулан өгүүлэгдэх мөр бүхэн хүний сэтгэлийн хамгийн нарийн утсыг ч хөндөж, гэгэлзүүлж, догдлуулж бас омогшиж бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлнэ.
Энэ номны мөр бүхнийг нь цээжлэн уншмаар тийм яруу. Хүний сэтгэлийг хөдөлгөж сормуус чийгтэх үйл явдал ихтэй. Орос нутгаас хайр сэтгэлийнхээ дуудлагыг даган Монгол оронд хөл тавих Ксения бүсгүйн зориг, үнэнч сэтгэлийг биширмээр. Эх орныхоо торгон хилийг хамгаалахаар төрсөн хилчин эрсийн дайчин, үнэнч тангарагийг бахдмаар. Цэргийн нөхөрлөл, анд нөхдөө гэх эрчүүдийн нөхөрлөлийг гайхмаар.
Гадаадад мэргэжил эзэмшин ирсэн залуухан 4 офицер эх орноо хамгаалах эрхэм үүргийг хүлээн 4 тийш салан одно. Зохиолын гол дүр болох Соронз өмнөд хөршид хийх тагнуулын ажиллагаагаа амжилттай дуусган эх орондоо эргэн ирж эхнэр хүүхдийн хамт өмнийн их говьд байх заставын даргаар томилогдон ажиллаж хурандаа болтлоо эх орныхоо төлөө өргөсөн тангарагаа нэр төртэйгөөр бахархал дүүрэн биелүүлнэ. Өдөр болгон шахуу хил зөрчигчидтэй таарах эрэлхэг хилчид нэгэн өдөр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэхээр завдаж буй хэсэг хүмүүсийн тухай мэдээг сонсоод тэднийг барих тушаалтайгаар замдаа гарна. Хоёр машинтай гэмт этгээдүүдийн нэг машиныг нь зогсоон саатуулж байх үед нөгөө машинтай этгээдүүд тэднийг чиглэн хурдлан давхина. Зогсох шинжгүй яваа тэр машины эгц урдаас нь Соронз гүйн зогс хэмээн гараа өргөн хий буудахад хурдаа багасгах мөчид нь машин дээр нь үсрэн гарч жолоочтой нь ноцолдон зогсоох гэж оролдох яг энэ мөчид сум түүний нурууг ононо. Хилчид гэмт этгээдүүдийг таслан зогсоож чадах ч эх орон нь газрын хилийн зоригт шонхороо тэнгэрийн хилээ хамгаалуулахаар авч одох нь дэндүү харамсалтай. Түгшүүрт он цагуудад эх орныхоо төлөө хүний нутагт бүхнийг туулаад ирсэн хилчин эр төрөлх нутагтаа шунахайн сэдлээр яваа хүйтэн зүрхтний гарт амиа алдах нь дэндүү өр өвдмөөр.
Суманд өртөн газарт унах яг тэр хэсгийг зохиолч хүний сэтгэлд гүн хүрэхээр бичсэн нь энэ номны хамгийн оргил хэсэг нь мэт надад санагдаж билээ.
“Үүлс сөрөн нисэх шонхор хад мөргөн унах шиг уул ус, хил хязгаарынхаа төлөө залуу сайхан насаа зориулж ирсэн хилчин шонхор гэзарт унах нь тэр”. Догдлол омогшил бахархал дүүрэн уншиж сормуус чийгтэх үед чимээгүй шудран арчаад үргэлжлүүлэн уншдаг байсан би яг энэ хэсгийг уншаад нулимсаа барьж дийлээгүй юм.
Үхэл амьдрал мөнхөд дагалдаж байдаг хилийн зурвастаа хилчин хүн үргэлж татагдаж ижий аав, энхрий хайртаа хайралдагаас тэс өөр тийм агуу хайраар эх орноо хайрлаж торгон хилээсээ хагацаж чадахгүй явсаар дуусдаг хувь тавилан зөвхөн зоригт шонхоруудад л байдаг аж.
Зохиолд өгүүлэгдэх хүний сэтгэлийг уяраан хөвөлзүүлэх хэсгүүд:
- Монгол улсын хил манахаар алхаад марш гэсэн тушаалтай, хэрэг гарвал Монгол Улсын төлөө бууд гэсэн командтай
- Соронз тусгай даалгавар биелүүлэхээр явж байхдаа Өвөр Монголын Альшаа аймагт байх өвгөн аавтайгаа (тухайн үедээ өвөөгөө гэж мэдээгүй) аавынхаа хөөргөөр тамхилхад өвөө нь тэр хөөргийг олон жилийн өмнө салан одсон хүүдээ (Соронзын аавд) өгсөн хөөрөг мөн гэдгийг таниад хөөргийг үнэрлээд эргүүлэн өгөхдөө ажлаа дуусгаад нутаг буцахдаа “агь хөмүүлийн үнэр ханхалсан Монголын үнэртэй тамхиа өвгөн ахдаа ахиад нэг үнэрлүүлээрэй. Хамар онгойж сэтгэл тэнийдэг юм” гэж Соронзын аавын байнга хэлдэг үгийг хэлэхэд Соронз гайхан ширтэнэ. Энэ хэсгийг уншихад хүний хүйн холбоо гэдэг хэзээ ч тасардаггүй, хамгийн нарийн сэжмээр ч ямагт холбогдож байдгийг мэдэрнэ.
- Тусгай даалгавар биелүүлэхээр явж буй хүүдээ аавын хэлэх захиас. “Энэ хэцүүхэн цагт дайсны өвөр рүү ганц хүүгээ явуулж буй эцэг хүн юу гэж хэлдгийг мэдэхгүй, аль ч улсын улс төр цэрэг армийн тархи зүрх болсон хилийн шугам, хамгийн аюултай бүс рүү тагнаж чагнах үүрэг аваад зогсох үрдээ аав хүн юу гэж хэлдгийг би мэдэхгүй. Ганц л юмыг захья, АМЬД Л ЭРГЭЖ ИРЭЭРЭЙ ХҮҮ МИНЬ!!!
Хилчидийн яруу алдрын нэгэн толь болсон энэхүү ном 2020 оны 9-р сарын 17-нд “Хилийн төлөө” медалиар шагнагдсан аж.
Хилийн тэнгэр цэлмэг байж хилчин дайчдын яруу алдар үеийн үед бадраг. 21.06.30