Сэтгэл залгигч хот
Зохиолч: Б.Сарантуяа
Зохиолын гол дүрүүд: Агай Хүдэр Гарьд Шарав
Зохиолын гол үйл явдал: Нэгдүгээр ангиасаа найзалсан дээрх дөрвөн найзын нэг Шарав нь өөрийн барьж босгосон өндөр шилэн барилга дээрээсээ үсрэн амиа алдсанаар зохиолын үйл явдлын өрнөл эхэлнэ.
Дөрвөн улирал шиг дөрвөн өөр ертөнц 10 жилээ төгсөөд өөр өөрсдийн сонгосон замаараа салан одно. Агай эдийн засагч болохоор, Шарав барилгын инженер болохоор их хотыг зорьж, Гарьд гүн ухаанч болохоор Герман явж харин Хүдэр цэрэгт явж ирээд нутагтаа сэтгэлтэй бүсгүйтэйгээ гэрлэн амьдрахаар болно.
Энэ хугацаанд тэд өөр өөрсдийн гэсэн адал явдлыг туулах ч хамгийн их адал явдалтай учрах нь багын л дүрсгүй хэнэггүй зантай Шарав байлаа. Тэрээр хотод ирнэ гэмцээ төрсөн эцгээ хайж олон хөрш нь болж байр түрээслэн амьдарна. Наймаа хийдэг нэгэн ахтай танилцан түүнтэй хамт наймаа хийж ирээдүйн баян амьдралынхаа эхлэлийг тавьна. Унаж босон нэг бүтээсэн зүйлээ нуран унахыг, дахин босгохыг өч төчнөөн удаа давтан хийх Шарав өгсөж явах замдаа хүний эрхэм чанараа гээснээ даана ч өөрөө мэдэхгүй.
Төрсөн эцгээ архинаас гаргахын тулд нийгмээс тусгаарлан зуслангийн байшингийн хонгилдоо хорьж орхин эцэг нэгтэй дүүдэээ эцгээ үхсэн гэж худал хэлнэ. Дүү нь хожим нь цагдаагийн дарга, хурандаа болж ахынхаа болохгүй бүтэхгүй ажил болгоныг нь чадлаараа хаацайлан аргална. Нэгэн удаа Шарав түүнээс бас нэгэн ажлыг хийхэд нь туслахыг шаардаж оронд нь аавыг нь амьд хаана байгааг нь хэлье гэж тохиролцоно. Гэвч хэлж амжаагүй байхдаа өндөр барилгын орой дээр халамцуу зогсох Шарав борооны усны тогтоолд хальтиран өөрийнхөө тэгтэлээ хүссэн хүсэл мөрөөдлийнхөө оргил нь гэж нэгэнтээ хэлж явсан барилга дээрээсээ унан амиа алдана.
Гурван найз найзынхаа үхлийг шалтгааны араас явсаар энэ бүхнийг олж мэдээд найз нь сайн хүн байсан ч орчлонгийн эргүүлэг түүнийг нь муу нэгэн болгон хувиргаад эцэст нь авч одсоныг мэднэ.
Зохиолоос ойлгож үлдэх нь: Үнэнг заримдаа мэдэхгүй орхисон нь дээр байдаг аж. Хүмүүс цаг ямагт үнэний араас явах дуртай ч яг түүндээ хүрч очсон хойноо л үнэн гэдэг тэгтлээ тэмүүлсээр очих зүйл биш байжээ гэдгийг сая ухаардаг. Өнгө мөнгө сайхан бүхний төлөө явахдаа өгсөж байгаа замаа байнга анзаарч байх хэрэгтэй. Гоё сайхны туйл юм шиг энэ их хот хүнийг Монгол ахуйгаас,ёс заншлаас ер хүний эрхэм нандин бүхнээс хүний сэтгэл, оюун бодлыг холдуулан залгиж байдаг ч юм шиг.