“Номын жор”

Shinetuya.M
2 min readApr 27, 2022

--

номын тэмдэглэл

Энэхүү номд Номын жор цуврал уулзалтын ээлжит зочид болох Т.Галсан, Л.Дашням, Ч.Галсан, Д.Амбасэлмаа, С.Дулам, Ш.Чоймаа, Л.Нямаа, Д.Оюунчимэг гэсэн 8 эрхэм хүмүүсийн яриа эмхэтгэгдэн оржээ. 8 өөр ертөнц, 8 өөр үзэл бодол атлаа нэг л зүйлд сэтгэл зовниж, бас нэг л зүйлийг залууст захих аж.

Зовнил нь: Төр засаг анхаарч үзэх ёстой, үндэстэний оршин байхтай эн зэрэгцэх зүйл бол эх хэл, эх түүх юм. Үүнд өнөөгийн эрх баригчид болоод нийгэм хайхрамжгүй хандаж байгаад буурлууд минь зовниж явдагаа нуусангүй.

Захиас нь: Тэд дуу нэгтэйгээр залууст хандаж ном сайн унш, эх түүхээ таньж мэд, эх хэлээ эрхэмлэж яв гэж захина.

Ерөөс үндэстэн оршин байхын гол утга учир, үндэс суурь нь эх хэл- эх түүх байх агаад бичгийн мэргэдүүд нь уран зохиолоор дамжуулан иргэддээ төдийгүй дэлхийд таниулж байдаг гэдгийг энэ номыг бүтээж буй эрхэм 8 хүмүүн өгүүлнэ. Энэ номын хуудас бүхнээс Монгол үндэстэн-Монгол хүн байна гэдэг ямар агуу хувь тавилан болохыг, бид ямар гайхамшигтай өгөгдөлтэй ард түмэн гэдгийг, түүнийгээ ойлгож мэдэрдэг, ухамсарладаг нь ямар цөөхөн юм гэдгийг ойлгоно. “Бүх зүйлийг google-с хайгаад олох боломжгүй тул ахмад хүний үгийг сонсож бай” гэдэг үг энэ номд яг тохирсон үг мэт санагдана. Хийж байга зүйл чинь бүтэхгүй, болохгүй чиний л бүх зүйл бүтэлгүйтээд байгаа юм шиг тийм нэг арчаагүй мэдрэмж хүн бүхэнд л зарим үед төрдөг шүү дээ. Хүн л болсон хойно…

Яг тэр үедээ энэ номыг уншвал сэргээд л ирнэ. Энэ хувь хүний хөгжлийн ном биш ч гэсэн энэ номд хүний унтарсан сэрэхүйг сэрээх тийм их хүч агуулагдсан ном. Надад Амбасэлмаа, Нямаа, Галсан зохиолчдын яриа илүү таалагдсан. Онцолж эднийг хэллээ гээд бусдынх нь яриа сонирхолгүй хэрэггүй гэсэн үг огтоос биш. Ахмад хүний, тэр дундаа бичгийн мэргэдийн тархи оюунаас хэрэггүй үг гарна гэж үү дээ. Унших эс унших сонголтыг уншигч танд үлдээе.

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet