Мэдисон нутгийн гүүрнүүд
номын тэмдэглэл
Роберт Кинкейд, Франческа гэх гол дүрүүдээр дамжуулан гайхалтай үнэнч, ховорхон учрах хайрын тухай өгүүлсэн, хүний сэтгэл зүрхийг догдлуулах сайхан зохиол.
Номын тухайд товчхон: National geography-н зурагчин Роберт эртний битүү гүүрнүүдийн зураг дарах томилолтоор Айова муж руу явж, тэндээ зам асуухаар нэгэн байшингийн урд ирж зогсоход тэндээс гарч ирэх эмэгтэй нь номын нөгөө гол дүр болох Франческа байна. Тэд хэн хэндээ анхны харцаар татагддаг. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн өдөр нь ердөө дөрөвхөн өдөр. Гэхдээ энэ хугацаа бие биедээ чинь сэтгэлээсээ дурлахад, бие биенээ насан туршдаа марталгүй хайрлаж явахад хангалттай урт хугацаа байх болно.
Ингээд Робертын томилолт дуусаж явах болоход тэрээр Франческаг хамт явахыг хүсдэг ч Франческаг эхнэр хүн- ээж хүн гэдэг хариуцлагын үл харагдах хүлээс хаашаа ч хөдөлгөлгүй үлдээнэ. Харин хожим нь Франческа энэ бүхнээ хүүхдүүддээ бичиж үлдээхдээ тэр үед Робертын үгэнд ороод явах хэрэгтэй байсныгаа хэлсэн байдаг. Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай гэдэг үгийг яг эсрэгээр нь болгочихсон бүсгүй шүү дээ…
Хүн төрөлхтөний амьдарч буй энэ хоёрдмол ертөнцөд хайр ийм тодорхой байх тохиолдол ганцхан удаа л тохиолддог.
Яг л гол дүрийн хоёр маань нэг нэгнээ харсан яг тэр мөчид л хэн хэн нь миний өнөөдрийг хүртэл хайж явсан тэр хүн маань чи байна шүү дээ гэж бодох, бие биедээ татагдах мөч.
Тэд ертөнцийн хоёр тоосонцор шиг нэг нэгнийхээ хажуугаар зөрөөд өнгөрчихөж болох л байсан шүү дээ. Гэвч тэд учраад, хамтдаа богинохон хугацааг өнгөрүүлэхдээ насан туршдаа алсаас бие биенээ хайрлах хамгийн үнэнч хайрыг бий болгож чадсан…
Энэ бүхнээ өөрийн хүүхдүүддээ бичиж үлдээсэн тэмдэглэллийг нь хүүхдүүд нь унших явцад Франческагийн хүүхдүүддээ хандаж хэлсэн “хүүхдүүд эцэг эхээ бусадтай л адил халуун хайр, дур хүсэлтэй хүмүүн бие гэдгээр нь төсөөлж чаддаггүй” гэдэг хэсэг “нээрээ яг тэгдэг шүү дээ” гэж бодогдуулж билээ.
Хүн хэдий хөгширсөн ч зүрх сэтгэл нь мөнхөд залуугаараа байдаг, эцсийн эцэст хөгшин залуу үл хамааран бид чинь бүгд л адилхан мах цусанд төрсөн хүмүүс юм байна шүү дээ.
“Зөвхөн энэ л дурсамжийн төлөө дахиад өнө удаан жил амьдрахсан” гэж өөрийн эрхгүй хүсэх тохиолдол, би яг энэ л хормын төлөө төрсөн юм байна гэж өөрийн эрхгүй бодох бодол хүний амьдралд ядахнаа нэг удаа заавал тохиолддог.
2025.01.11 Бямба гарагт бичсэн тэмдэглэлээ өнөөдөр энд буулгав.