Монте Кристо гүн

Shinetuya.M
3 min readMar 5, 2020

--

Уншсан номын тэмдэглэл

Зохиолч: Александр Дюма

Зохиолын гол баатрууд: Эдмон Дантес, сүйт бүсгүй болох Мерседес, түүнийг хилс хэрэгт гүтгэгч Данглер, Вильфор, Фернан

Зохиолын гол агуулга: Монте Кристо нэрээр Парис хотод ирж өөрийг нь хилс хэрэгт гүтгэж амьдралынх нь 14 жилийг “Иф” цайз гэх шоронд нарны гэрэл харахгүйгээр өнгөрөөх харгис нөхцөлд хүргэсэн хар санаатнуудаас өшөөгөө авч үргэлжлэх энэхүү зохиол нь 1844 онд бичигдсэн 176 жилийн өмнөх Францын нийгэм соёлын байдлыг харуулсан дэлхийн шилдэг сонгодог зохиолуудын нэг юм.

Фараон хөлгийн далайчин залуу 1815 оны 2 сарын 28-ны өдөр хайрт бүсгүй Мерседестэйгээ сүй тавин баярын ширээний ард өөрийн хайрт эцэг болон бусад нөхдийн хамт сууж байхад нь түүнийг Бонапарт үзлийг дэмжигч хэмээн үзэж баривчилна. Гэвч Эдмон өөрийгөө ямар хэрэг хийсэн болоод баривчлагдан хоригдож байгаагаа үл ойлгоно.

Франц улс. Марсель хот “ИФ ЦАЙЗ”

https://news.xopom.com/13035/ Энэхүү холбоосоос Иф цайзын тухай илүү дэлгэрэнгүйг унших боломжтой.

Болж буй бүхнийг ойлгохгүй байсаар энэ байдлаасаа гарч чадахгүйг нэгэнт ойлгосон тэрбээр нэгэн өдөр хажуу өрөөнд нь хоригдох галзуу хочит ширээт лам Фариатай ухсан нүхээр холбогдож, тэд танилцан хоёр биенийхээ хоригдож буй өрөөнд зочилдог болно. Эдмон шоронд орохоос өмнө болсон бүхнийг шинэ танилдаа ярих бөгөөд харин Фариа түүнд хорон санаат хүмүүсийн золиос болсныг нь тайлбарлан хэлнэ. Ингэснээр Эдмонд тэдгээр хүн дүрст араатнуудаас хариугаа авах ганцхан бодол үргэлж толгойд нь эргэлдэнэ. Хажуу өрөөний хөрш хоригдол нь түүнд өөрийн мэдэх бүхнээ заах бөгөөд Монте Кристо арал дээрх нуусан эрдэнэсээ хэлж өгнө. Фариа нарны гэрэл үл тусах харанхуй чийгтэй энэ газарт хэтэрхий удаан хоригдсоноос болоод өвчнөөр таалал төгсөх ба түүнийг маргааш нь усанд шидэж хаяхаар болж уутанд хийн өрөөнд нь түр орхисон хойгуур нь Эдмон нөгөөх ухсан нүхээрээ түүний өрөөнд орж Фариаг өөрийнхөө өрөөнд аваачин хуягийг харахад яг л Эдмон өөрөө унтаж байгаа мэт харагдахаар хэвтүүлж орхиод өөрөө Фариагийн өрөөнд очин өнөөх уутанд нь орж үхсэн мэт болон хэвтэнэ. Маргааш болж хүүрийг усанд шидсэнээр Эдмон 14 жилийн харанхуй нүхэн дэх амьдралдаа цэг тавина.

Эдмон Фариа нарын холбогддог байсан нүх

Ингээд 1829 оны 2 сарын 28-д 33 настай Эдмон Дантес Фариа ламын заасан эрдэнэсийг Монте Кристо арлаас олж, тэрхүү арлын нэрээр өөрийгөө нэрлэн Парист ирснээр түүний хүчирхэг баян амьдрал эхэлж, түүнийг зовлонт амьдралд унагасан Данглер, Вильфор, Фернан нар Монте Кристо гүнгийн өш хонзонгийн хурц илдэнд өртөж 14 жилийн өмнө Эдмоныг золиос болгон олж авсан амьдралынх нь төгсгөл ирнэ.

Зохиолоос юуг тусгаж авав:

💥 Амьдралын хэзээ ч босохгүй хар нүхэнд унасан ч сайн сайханд итгэх итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй.

💥 Хэн нэгний амьдралыг золиослон олж авсан эд хөрөнгө, эрх мэдэл эхэндээ сайхан, мөнхөд байх мэт боловч эцэст нь эзнийхээ төсөөлж ч байгаагүй их үнээр төлөгддөг.

💥 Сайн сайхан сэтгэлийн хариу ямар нэгэн цаг үеийг туулаад эргэж ирдэг. Энэ хорвоод хүний хийсэн сайн муу бүхэн эргэж үйлдсэн нэгэндээ ирдэг гэдгийг зохиолын дүр бүхэнд тохиолдож буй үйл явдлаас хялбархан ойлгож болно.

Зохиолоос ухаарч болох үгс:

☯ Хүн бол амьд амьтдын дотроос хамгийн хувиа хичээсэн, биеэ тоосон амьтан.

☯ Амьдрал гэдэг хувирамтгай болохоор аз жаргалыг гарт дайралдсан цагт нь л барьж авах хэрэгтэй.

☯ Сэтгэл санааны шарх гэдэг үл харагдавч эдгэрч битүүрнэ гэж ер үгүй, хүний сэтгэлийн гүнд үргэлж зовиуртай цаг ямагт цус шүүрч, үүрд эмзэглэж байдаг.

☯ Хүн бүр эх орондоо нэг сайн зүйл хийх ёстой. Зарим нь авьяас билгээ зориулдаг, зарим нь хөдөлмөрөө зориулж нойр хоолгүй зүтгэж байхад зарим нь цусаа асгаруулдаг.

Харин та эх орныхоо төлөө юуг хийж чадах вэ?

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet