“Жамиль”

Shinetuya.M
2 min readJan 23, 2022

--

номын тэмдэглэл

Зохиолч: Чингиз Айтматов

Зохиолын гол баатрууд: Жамиль, Данияр, би хүүрнэгч Сеит

Энэхүү номонд хайрын тухай яруу үгс хомс. Тэгсэн атлаа Францын нэрт яруу найрагч Луй Арагон энэхүү туужийг Франц хэл рүү орчуулахдаа Жамиль бол “Дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээн тодорхойлсон байдаг аж. Гагцхүү ингэж тодорхойлсны учрыг уншсан хүн л ойлгох биз ээ.

Зохиолын тухай: Зохиолын үйл явдал 1943 онд Киргизстаны тал нутгийн нэгэн тосгонд өрнөнө. Зохиол бүхэлдээ шударга, хөдөлмөрч, үзэсгэлэнт залуу бүсгүй Жамильд төвлөрнө.

Идэр насны залуус дайнд мордож, тосгонд хөгшид, хүүхэд, охид эмэгтэйчүүд үлдсэн тэр нэгэн жил буйд тосгонд шархдсан цэрэг дайнаас эргэн ирж, тариан талбайд ажиллах болсноор зохиолын үйл явдал цааш өрнөнө. Нүүрэмгий галзуу гэмээр Жамиль, дайнд үзэж туулсан зүйлсээсээ болсон уу? эсвэл угаас тийм хүн үү? аль нь гэдгийг үл мэдэх бүрэг даруу Данияр хоёр бие биедээ татагдах нь сонирхолтой.

Эмэгтэй хүн өөрт нь хайргүй, сэтгэлгүй гэдгийг мэдвэл тэр нь эр нөхөр нь байсан ч орхиж чаддагийг, өөрийнхөө жинхэнэ хайрыг олсон үедээ өрөөл бусдын юу гэх нь огтохоно ч хамаагүй гагцхүү тэр л хайрынхаа төлөө бат зогсож чаддагийг Жамилийн шийдэмгий үйлдлээс харж болно.

Жамиль авааль нөхрийнхөө гэр бүлийг орхин, тосгоноо орхин орон гэргүй, хүмүүст доншууч гэж хэлэгдэх Даниярыг даган явахад найдах нэг л зүйл байсан нь тэдний бие биенээ гэх хэмжээгүй их үнэн ХАЙР л байв.

Бие биедээ дэндүү их хайртай гэдгээ бие биедээ ойлгуулахад заавал түүнийгээ үгээр илэрхийлэх хэрэг ердөө ч байдаггүй аж. Хоёр сэтгэл хоорондоо аясаараа огтлолцож, үйлдэл бүрээрээ илэрдэг аж. Хүний сэтгэл доторхыг үгээр илэрхийлж болдоггүй үе гэж байдаг…

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet