Арван сарын тэнгэр дор
номын тэмдэглэл
Зохиолч: Чинагийн ГАЛСАН
Хэвлэгдсэн он: 1972 онд бичиж, 1981 онд Герман хэлнээ нийтлэгдэн, 1988 онд эх хэлнээ орчуулсан энэхүү номын 2024 онд хэвлэгдсэн хувилбарыг уншив.
Зохиолын агуулга: Гадаадын хэдэн орны эрдэмтэд, зохиолчдод Монгол ахуйг танилцуулахаар хөдөө томилогдон яваа хэлмэрчийн өгүүлэх дурьдатгал бүхий ном. 10-р сарын намрын налгар өдөр хотоос хөдөлсөн цуваа хөдөөг зориод буцахдаа цас орсон өвлийн төрхтэй намрын талаар буцахыг, Монгол ахуйг гадныханд танилцуулж явааг унших нь тэдэнтэй хамт яваа аялагч адил сэтгэгдлийг төрүүлэв. Хөвөлзсөн, уяссан, нэг тийм долгиотсон мэдрэмж…
Номноос үлдэх нь: Энэ номноос сэтгэлд хүрсэн, бас бодолд автуулсан хэсгүүдийг энд бичиж үлдээх нь эргэн санахад ойр байлгах гэснийх.
- Үнэнч шударга гэдэг бол номд байхаас амьдралд байдаг зүйл биш. Энэ бол үг, зүүд зэрэглээ, түүнтэй хөөцөлдсөн хүн амьдралаараа тоглож байгаа нь тэр.
- Үгүй, үнэн гэж байх ёстой. Өнөөдөр түүнийг дарж нуусан байж болно, маргааш харин гараад ирнэ.
Үнэн гэж үргэлж байх ёстой. Үнэн байх, үнэнч шударга байх гэдэг тухайн мөчдөө эзнээ хохироож болно. Гэвч урт хойнодоо үнэ цэн нь мэдэгддэг цор ганц зүйл юм шүү дээ. Тийм болохоор ямагт үнэн байхыг эрхэмлэх нь туйлын зөв юм шүү гэдэг өөрийн санааг энд бас шигтгэж орхиё.
- Хайрлаж эдэлвэл хугас шөнийн дурсамж насан туршид ч хүрэлцэх биз ээ.
Энэ мөрийг чухам үнэн гэж би санал нийлэх байна. Хүн гэдэг дурсамжаар хооллон амьдрагч сэтгэлийн амьтан шүү дээ. Нандигнаж бодсон нэг сайхан дурсамж өчнөөн удаан хугацаанд хүний сэтгэлийг тэжээн тэтгэх хүчтэй юм шүү.
Номны бас нэг зэвүүн хэсэг нь Батцэрэнгийн ядмагхан үйлдэлд хариу барих зохиолчийн маань хорон хариулт байв. Хүнийг олны дунд эвгүй байдалд оруулж бах таваа хангах гэсэн ахар бодол эзнээ эргүүлээд ямархан шалбаагт унагаж болдгийн тод жишээ л юм даа. Ерөөс Батцэрэн төрлийн эр хүний нэр зүүсэн, хэлэх үгээ тойруулсан нялцгар, эрийн нэр гутаасан амьтанд өгч болох хамгийн шулуухан хариулт энэ мөн дөө гэмээр…
Арван сарын тэнгэр дор тэдний туулж явсан өдрүүдээр зургадугаар сард аялсан тэмдэглэл минь нэг ийм…
2024.06-р сард уншиж дуусган 2024.07.03 нд тэмдэглэл хөтлөв.