“Ертөнцийн мөнх бусыг үзэвч хорвоо дээр үлдээсэн мөртөй байхыг хүснэ” гэж эгэл жирийн нэгэн жүүд охины хэлсэн үг, бичиж үлдээсэн тэмдэглэл нь хорвоо дэлхийн хүн бүхний зүрх сэтгэлийг уярааж, заримд нь урагш алхах хүч өгч, зарим улс орны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал унших ёстой номоор нэрлэгдсэн гайхамшигтай нэгэн номыг уншаад төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцъя.
АННЕ ФРАНКЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ
ЗОХИОГЧ: АННЕ ФРАНК
ЗОХИОЛЫН ГОЛ БААТРУУД: Франкын гэр бүл, еврейчүүд, германчууд
ЗОХИОЛЫН ГОЛ АГУУЛЛАГА: Дэлхийн 2-р дайны дарийн утаанд тэнгэр харанхуйлж, фашистуудийн харгислал хүн олны сэтгэлийг айдас зовлонд автуулж байсан хар тодотголт өдрүүдэд нэгэн еврей гэр бүл үйлдвэрийн байранд фашистуудад баригдахгүйгээр амьдарч аж төрж буйг тэр амьдралыг туулсан охины бичиж үлдээсэн өдрийн тэмдэлглэл нь ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр яг жинхэнээр нь өнгөрсөн зуунд болсон хүн төрөлхтөний мартах ёсгүй түүхийг өнөөдрийн бидэнд баримт болгон үлдээж буйгаар зохиолыг ойлгож болно.
Германчуудаас нуугдан Франкын гэр бүлийнхэн нэгэн үйлдвэрт 2 жилийн турш бүгэн нуугдаж тэр хугацаандаа нар салхи агаарт огт гарахгүйгээр яг л ичдэг амьдад шиг байсан ч тэрхүү хоёр жилийн хугацаанд нуувчинд байгаа хүмүүсийн хэн нь ч азгүй тэр хувь тавиландаа гуньж гутралгүйгээр хэрхэн тэсч, олон хэцүү нөхцөл байдлыг даван туулж байгааг, болон Аннегийн богинохон ч гэсэн гэгээн үерхэлийн тухай энэхүү 13 настай охины бичсэн өдөр бүрийнх нь тэмдэглэлээс тодхон уншигдана. Тэд олон төрлийн ном уншиж, гадаад хэл сурч өөрсдийгөө хөгжүүлж байгаа нь амьдрахыг ямар их хүсч, ямар их найдварыг тээж байсныг давхар бас харж болно.
ЗОХИОЛООС ЮУГ ТУСГАЖ АВАВ:
Энэ номыг унших явцдаа еврейчүүдийн тэсвэр хатуужил сэтгэлийн тэнхээг хамгийн ихээр биширсэн.
Аннегийн гол зорилго нь ‘дайны үед еврейчүүд ямар нөхцөл байдалтай байсныг түүнтэй хэрхэн тэмцэж хэрхэн туулсныг хожим дэлхийн бүх хүмүүс миний тэмдэглэлээс олж уншаасай, мэдээсэй” гэдэг санаа байсан бөгөөд тэрээр тэрхүү зорилгоо биелүүлж чадсан, богинохон хугацаанд хэрхэн үнэ цэнэтэй амьдарч болдгийг харуулсан дэлхийн хамгийн үлгэр жишээ гэр бүл мэт надад санагдаж үлдсэн дээ.
Аливаа зүйлийг тодорхой зорилготойгоор эхлүүлж, түүндээ бүх зүрх сэтгэлээ зориулж чадвал эцэст нь хүссэн үр дүндээ хүрдэгийн тод жишээ болсон миний уншиж байсан номнуудын хамгийн үнэ цэнэтэй номнуудын нэгээр эргэлзээгүй нэрлэгдэх энэхүү номын тэмдэглэлээ энд хүргээд төгсгөе.
Хэрвээ та энэ гэр бүлийн туулсан цаг хугацаанд очиж үзэхийг хүсвэл АННЕ ФРАНКЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ номыг уншаад нэг үзээрэй.