Хүний хорвоод ганцхан үнэн буй. Чи хэн ч байлаа гэсэн юу ч хүссэн ямар нэгэн юмыг маш хүчтэй хүсч чадвал түүнийгээ заавал авна. Энэ бол дэлхий дээр ирсэн чиний тавилан.
************ ***** ************ ***** ************ ***** *********
Пауло Коэльо “АЛХИМИЧ”
Сантьяго нэрт хоньчин залуу нэг зүүдээ хоёр удаа зүүдлэн тэрхүү зүүд нь ямар нэгэн хувь тавиланг дуудаад байгаа мэт санагдан тэрээр зүүднийхээ учрыг мэдэхээр нэгэн цыган эмэгтэй дээр очсоноор зохиолын адал явдал эхэлнэ.
Сантьягогийн зүүдэлсэн зүүд нь: Түүнийг хонио хариулаад явж байхад нь хүүхдүүд ирж түүнтэй тоглохыг хүснэ. Тэгээд тоглож байснаа түүнийг өргөн Египетийн цац суврагууд дээр аваачаад хэрвээ энд дахин ирвэл энд нуусан эрдэнэсийг олно гэж хэлэх ба яг хаана байгааг нь асуух гэтэл сэрчихдэг байлаа.
Түүний зүүдийг сонсоод цыган эмэгтэй “зүүдний хүүхэд чамд зааж харуулсан бол хаана нэгтээ байгаа гэсэн үг. Түүнийг олоод чи баяжина” гэж хэлэхэд нь Сантьяго эргэлзсээр гарч гудманд сууж байтал нэгэн өвгөн түүний дэргэд ирж суун эрдэнэсийн талаар ярьснаар гол дүрийн баатар маань зүүднийхээ бодит үгүйг шалгаж үзэхээр шийдэн Египетийг зорьсноор зохиолын үйл явдал улам өрнөлтэй болно.
Тэрээр замдаа олон адал явдалтай учирч, заримдаа буцаад явмаар санагдан яг буцах гэхээр нөгөөө эрдэнэстэй холбоотой хүн эсвэл үйл явдалтай тааралдаж тэрээр юу ч болсон урагшлах хэрэгтэйг ойлгон элсэн цөлийг туулан Египетэд ирээд дээрэмчдэд баригдан үхтлээ зодуулна. Дээрэмчдийн ахлагч түүнийг энд яах гэж ирснийг асуухад Сантьяго бүх үнэнээ хэлнэ. Харин дээрэмчдийн ахлагч “надад ч гэсэн Испани руу яван малчид хонио оруулж хоноглодог гол шүтээнийх нь бууринд том царс мод ургасан сүмийн балгасыг хайж олон модны үндэс доороос эрдэнэс ол” гэсэн зүүд олон удаа зүүдлэгдэж байсан. Гэхдээ би зөвхөн зүүд зүүдэлсэнийхээ төлөө цөлийг туулж явах тэнэг биш гэж хэлнэ.
Яг энд энэхүү номны хамгийн чухал санаа өгүүлэх гэсэн зүйлийн утга нь илэрнэ.
Дээрэмчний хэлсэн тэр сүм нь зохиолын баатрын Египетийг зорихынхоо өмнөх шөнө хонинуудтайгаа хонож эрдэнэс зүүдэлсэн сүм нь байлаа. Ингээд Сантьяго буцаж ирэн нөгөө сүмийн царс модны үндсийг ухахад авдар дүүрэн эрдэнэс олно.
Энэ номноос ойлгож авсан зүйл нь:
Бурхан хүн бүрт боломжийг адил тэгш олгодог. Харин тэрхүү боломжоо ашиглахыг хэн хүсч, хөдөлмөр зүтгэл сэтгэл зүрхээ зориулж байна түүнд явах замыг нь засч өгч, хэрвээ замаасаа хазайвал буцаагаад зөв чиг рүү нь чиглүүлж өгдөг. Хүн нэг зүйлийг бодит болгохыг маш ихээр хүсэн түүн рүүгээ явах замдаа маш их зүйлийг сурдаг гэдгийг зохиолын гол дүрд тохиолдож буй үйл явдлаас харж болно.
⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕ ⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕ ⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕⁕
Хэрэв чи ямар нэг зүйлийг хүсвэл орчлон тэр чигээрээ чиний хүслийг биелэхэд туслах болно.