Хатан ухааны толь
Б. САРАНТУЯА ‘Самар хатан” түүхэн роман
Хубилай хааны үр хойчоос Хасарын удамд, Хасарын удмаас ойрадын чинсанд очих хаан ширээний төлөөх тэмцэл өш хонзон бүхэн өгүүлэгдэх тэртээ 15-р зууны амьдрал.
Элбэг нигүүлсэн хааны зүй бус үйлдлээр зохиолын гол үйл явдал эхэлнэ. Өөрийн дүүгээ хороож, бэрээ бага хатнаа болгон авч ойрдын чинсан Хуухай Тэйюүг хилсээр хөнөөсөн гэмээ цайруулахын тулд арга буюу Хуухай Тэйюугийн хүү Батулайд өөрийн охин Самар гүнжийг эхнэр болгон өгнө. Улс Монгол, алтан ураг, аав ээжийнхээ төлөө өөрийн аз жаргалыг зольж сэтгэлгүй хүнтэйгээ гэрлэн хүү төрүүлж өөрийн эцсийн амьсгал хүртлээ алтан ургийг хамгаалж монгол төрийн төлөө явсан Самар Тайху хатны түүх энэ болой.
Энэ орчлонд хүнийг мэндлэхэд түүний хувь тавилан нь хамт зурагдан ирдэг юм шиг. Түүнийг хичнээн өөрчлөхийг хүсэвч хувь тавилангийн зураг хэзээ ч өөрчлөгддөггүй. Ямар ч сайн хүн байсан эрх мэдлийн төлөө, түүний өмнө хамгийн муу хүн болох тохиолдол ч мөн байх аж. Хамгийн аймшигтай нь өс хонзон. Түүнийг нэг л эхлүүлбэл удаан үргэлжилдэг, үргэлжлэхдээ олон хүний цус болон нулимсыг үздэг. Энэхүү номыг уншиж дуусахтай зэрэгцэн төрсөн сэтгэгдэл бол “хүн энэ хорвоод ирэхдээ өөрийн гэсэн хийж гүйцээх ажил үүрэгтэйгээ ирдэг. Тэрхүү үүрэг нь дуусах цагт мөнх тэнгэртээ буцдаг мэт”.
Номноос үлдэх үг:
Амтанд дурлана гэдэг бол ухаанаа алдаж буйн шинж. Харин амтыг тэвчиж өөрийнхөө эд эсэд тэвчээр хатуужил суулгана гэдэг бол ухаанаа өндөрт тавьж буйн илрэл.
Модноос ургасан гоёмсог мөчир хүртэл үндэс рүүгээ тонгойн талархан мэхийдэг.
Бүрэнхий өдрүүдийн төгсгөлд нар манддаг гэдгийг бүгд мэддэг ч нарыг хүлээх тэвчээр хүн бүхэнд адилгүй. Усны урсгал голын чулуудыг элээдэг шиг цаг хугацаа хүний хүний сэтгэлийн шархыг эдгээдэг ч сорви нь хэзээд үлддэг.