Т. Бум-Эрдэнэ “Нүрзэд хаачив” номын тэмдэглэл
Өглөө ажилдаа явахдаа, өдөр эмнэлгийн цаг хүлээж суухдаа, орой харих замдаа гээд өнөөдөр 3 хувааж сонсоод энэхүү аудио номыг сонсож дуусгав.
Тэртээ 1945 оны дайнд яваад л сураг нь тасарсан аавыгаа хүү нь хайж сургийг нь гаргахаар. хамт алба хааж байсан Нүрзэд гэх өвгөнийг сурагласаар очиж буйгаар зохиол эхэлнэ.
Зохиолын өрнөл нь аавынхаа сургийг гаргахаар зорьж очсон хүн нь жинхэнэ аав нь байсанг мэдэх, яагаад тэрээр өөрийнхөө. нэрээр бус Нүрзэд гэх нэрээр амьдрах болсон зэрэг үйл явдлын зангилаа нэг нэгээрээ тайлагдах хэсэг байна.
…Тэгтлээ зовж явсаар эцэст нь хүүтэйгээ уулзаж бүх зүйлээ хэлсний дараа л сэтгэл нь амарч амьдын жаргал гэдэг чинь ямар их зовлонгоор олддог юм бэ гэж халаглах эцэг, жаргалд үнэ цэнэ гэж байхаас их бага гэж байдаггүй юм байна гэдгийг ойлгох хүү хоёрын нэгнээ санаж мөрөөссөн сэтгэл сая нэг дэвтэхийг сонсоход өнөөдрийн нэг их том ажил бүтсэн юм шиг санагдаж билээ.
Эцэг нь тэнгэр болсноор зохиол дуусч байгаа ч түүний үхэлд би ер зовж, сэтгэл өвдсөнгүй. Учир нь тэр энэ олон жилийн сэтгэлийн зовлонгоосоо салж хүүтэйгээ уулзсан, хүү нь ч мөн аавтайгаа уулзаж бүгдийн учрыг мэдсэн бас түүний удам тасраагүй үргэлжилж буйг хэлсэн болохоор тэр ч байж магадгүй юм.
Хүн энэ хорвоод төрсөн л бол өөрийн дааж чадах хэмжээний зовлонг туулаад, тохирох жаргалаа ч эдлээд буцдаг нь хорвоогийн жам ажээ.