Сахиусан тэнгэрүүд
номын тэмдэглэл
Хүнд яг хэрэгтэй цагт нь урам хайрласан, чин сэтгэлээсээ хандсан хүн бүхэн тэр хүний нүдэнд сахиусан тэнгэрийн дүрээр харагдаж, ямагт тэр дүрээрээ хоногшин үлддэг.
Зохиогч өөрт тохиолдсон гашуун түүхээрээ дамжуулан олон зүйлсийг эргэцүүлж бодох сэдлийг төрүүлсэн энэхүү ном нь заавал унших номын жагсаалтандаа оруулах хэрэгтэй ном гэдгийг энэ тэмдэглэлийг унших нэгэнд зориулж захья.
Энэ номыг уншаад зовлон гэж яг юу юм бэ? гэдэг асуултын хариултыг би олсон. Хүмүүс бидний байнга шахуу гомдоллож, “миний зовлон” гэж өөрсдөө гаргаж ирсэн томъёолол нь үнэндээ юу ч биш шиг санагдсан.
Хүн жаргалыг бус зовлонг даадаг гэдэг үгийн үнэнг зохиолчийн өвчин шаналалтайгаа тэмцэлдэх тэр тэмцлээс мэдэрч болохоор. Эмэгтэй хүн гэдэг туяхан бие, уяхан сэтгэлдээ баймгүй их тэвчээртэй юм байна гэдгийг, энэ хорвоогийн хамгийн том жаргал нь эрүүл байх гэдгийг, ээжтэй хорвоо хичнээн аз жаргалтай баян гэдгийг, хүн зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах, бусдыг гэсэн сэтгэлээр амьдрах хоёрын ялгааг гээд маш олон зүйлсийг эргэцүүлж бодох сэдлийг төрүүлсэн ид шидийн ном гэж хэлнэ. Хэрвээ та жижигхээн зүйлийг зовлон гэж хүлээж авдаг нэгэн бол энэ номыг уншаад нэг үзээрэй. Таны нүд аливааг өмнөхөөсөө арай өөр нүдээр хардаг болно гэж найдаж байна.
Номноос үлдэх үг:
Ээжтэй хорвоо хичнээн баян, хичнээн уярам бэ
Сэтгэлийн нүд бүхнийг жаргалтайгаар харж эхлэхэд зовлон гээд оноогоод хэлчих зүйл олддоггүй.
Би яавал жаргах вэ? хэрхэн зовлонгоос ангижрах вэ? гэж зөвхөн өөрийгөө өрөвдөн хайрладаг сэтгэл зүрх хэзээ ч амар тайван байж чаддаггүй. Учир нь түүнийг ямагт айдас, зовнил дагаж байдаг. Түүний эргэн тойронд зөвхөн зовлон бэрхшээл л харагдана. Хүсэл гэгч чухамдаа зовлонгийн эх үүсвэр. Харин өөрийгөө хэсэгхэн зуур ч болов мартагнаж өрөөл нэгний төлөө юу хийж чадах вэ гэж бодох ашгинд гар хөл гинжин хүлээснээс алдуурах адилаар сэтгэл зүрх нь ч зөвхөн өөрийгөө энхрийлэн хайрласан тэрхүү хүлээснээс чөлөөлөгдөнө.
Эр биед амраг ганц л байх ёстой бол үхтэлээ харамлах сэтгэл нь ч мөн нэг л байх учиртай. (13настай хүүгийн хэлсэн үг)