“Саран Зэв”

Shinetuya.M
2 min readMar 28, 2021

--

Бэсрэг зохиол

Чингисийн хөлөг баатар жанждын ур ухаан, тэвчээр зориг, хатуужлийг бишрээд ханашгүй. Саран Зэв бол тэдгээр жанждын нэгэн болох Сүбээдэй баатрын нэгхэн удаагийн тулалдааны тухай маш товч атлаа үнэхээрийн адал явдалтай, сонирхолтойгоор бичсэн ном юм.

Мэргэдүүдийн дунд оруулсан заншлаач нь хилс хэрэгт гүтгэгдэн амиа алдсан мэдээг сонсоод гашуудсан Сүбээдэй өөр нэгнийг дуудан Саран Зэв өгч өмнөх заншлаачийн гүйцээж чадаагүйг гүйцээлгэхээр болж буйгаар зохиол эхлэх ч үүнийг уншигч та шууд хэзээ ч ойлгохгүй. Зохиолын төгсгөл хэсэг рүү л бүх зүйл тодорхой болох бөгөөд тэр хүртэл би үнэхээр амьсгаа даран догдолж одоо яах бол гэсэн асуултыг олонтаа давтан асуусаар сая л нэг асуултдаа хариулт олсноор сэтгэл амарсан шүү.

Сүбээдэйн сайтар боловсруулсан ов мэхэнд дайсан этгээд хууртан урхинд орсон хэдий ч Бардай сэцэн баатар цус нэгт Мэргэдүүээ цусан далайд живүүлэх аюулаас зайлуулсны ачаар халуун амь цөөн үрэгдэж Мэргэдүүд дагаар орж буйгаар төгсөх энэ номонд хүний сэтгэлийг хөдөлгөх шигтээ болсон үйл явдлууд нэг бус удаа дурдагдана.

“Бид амьдрахын тулд өөрийгөө өдрөөс өдөрт хурцлан элээж байдгийн санах хэрэгтэй. Амьдрал гэдэг уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл тэмцэл, төлөөсөөр хэмжигддэг юм шүү. Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. Өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болдог. Одоо миний Мэргэд овогтныг хэн ч түйвээхгүй боллоо. Энэ л миний үүрч гарах итгэл юм” хэмээн хэлэх Бардай сэцэн баатар жигдрэн явах их цэргийн цуваан дунд итгэл дүүрэн давхиулна.

Дөрвөн цагийн турш догдолж уншсан түүхэн бэсрэг зохиолыг уншсан сэтгэгдэл ийм ажгуу. 21.03.27

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet