Номын жор
номын тэмдэглэл
Хүүхэд залууст номын соёлыг дэлгэрүүлэх сайхан зорилготой хүмүүсийн нэгдэл Монголын уран зохиолын ноён оргил болсон эрхэмүүдтэй халуун дулаан яриа дэлгэн хүүрнэлдэж тэдний алт мэт үнэтэй, чихэр мэт амттай үг сургаалыг орчин үеийн залууст эмхэтгэн хүргэсэн нь юутай сайхан бэ?
Энэ номын нэг эхлүүлбэл салж ердөө чадахгүй ухаант буурлуудын ярианд улам л шимтэн уншсаар байтал сая нэг дуусаж, буман бодлын хөврөл явагдаж эхэлнэ.
Номонд 9 эрхэмийн яриа эмхэтгэгдсэн байх агаад тэд бүгдээрээ нэг л зүйлийг залуус бидэнд аминчлан захисан нь “эх хэлээ хайрлаж, гамнаж яваарай” гэсэн захиас байв. Уншихад энгийн л нэг захиас мэт боловч цаад мөн чанар утга нь хичнээн гүн гүнзгийг, энэ захиасыг бид яагаад умартаж болохгүйг гагц энэ номыг уншсан хүн л ойлгож мэдрэх болов уу. Чухам энэ номонд хэрэггүй үг үсэг санаа нэг ч алга. Өөр нэг сайхан санагдсан зүйл нь эдгээр зохиолчдыг залуу байх үед тухайн үеийн улс орны удирдлагууд хэрхэн дэмждэг байсан, тэр үеийн лут зохиолчид тэднийг залуу гэж гололгүйгээр хэрхэн зааж сургаж зөвлөж байсан тухай дурсамж яриа байв. Тухайн улс орны оршин байх үндсүүдийн нэг том салаа нь ЭХ ХЭЛ гэдгийг тэр үеийн хүмүүс ухамсарлаж анхаарч байсны нэг илрэл нь энэ байж.
Монгол хүнийг Монгол хэлийг жинхэнэ Монголоор нь үлдээдэг тэр далдын хүч гэмээр зүйл нь ердөө л бидний цөөхөн Монголчуудын уламжлан ирсэн малч ухаан, хөдөө сайхан тал минь ажээ. Даяарчлал гэж нэрлэгдэх энэ цаг үед Монгол хүн гэдгээ мэдрэхийг хүсэх зөн совин сэтгэлийн тань мухарт төрвөл энэ номыг уншаад нэг үзээрэй. Цангасан тэр мэдрэмжийг тань ундаалах болно гэж хэлье.