Shinetuya.M
3 min readApr 9, 2020

Нимгэн хуудастай ч нилээд сонирхолтой нэгэн номыг уншсан тэмдэглэлээ бичсэн нь:

Майн Рид “Хувь тавилан”

Зохиолын гол баатрууд: Хардинг генерал болон түүний эх өөртэй 2 хүү болох Нейжил болон Хенри Хардинг нар

Зохиолын агуулга: Лондон хотоос нэг цагийн зайтай газар болох Бичвүд шилтгээнд генерал Хардинг өөрийн 2 хүү болон дүүгийн хамт амьдран сууна. Түүний хоёр хүүгийн тухайд:

Том хүү Нейжил Хардинг нь энэтхэг эхнэрээс нь төрсөн шунахай сэтгэлтэй, хорон муу санаатай ч түүнийгээ гойд сайн нууж чаддаг хоёр нүүрт нэгэн. Бага хүү Хенри Хардинг нь англи эхнэрээс нь төрсөн өрөвч сайхан сэтгэлтэй, шударга хийгээд аливаа зүйлийг нэг шийдвэл эргэлт буцалтгүйгээр шийддэг аавынхаа хамгийн хайртай хүү нь байлаа. Хоёр хүү хоёулаа Бела Мейнринг гэгч гоо үзэсгэлэнтэй ч сэтгэл зүрх нь гаднах төрхөөсөө эсрэг төрхтэй нэгэн бүсгүйд дурласанаар зохиолын сонирхол татах хэсэг эхэлнэ. Дүү Хардинг нь түүнд сэтгэлтэйгээ хэнээс ч нуухгүй байхад ах Хардинг нь бүгдээс нууж, Белаг өөрт нь дурлахыг хүлээнэ. Бага хүүгээ Белад сэтгэлтэй болж, түүнтэй гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд эцэг нь дурлалт бүсгүйг нь ямархан арчаагүй сэтгэлт эмэгтэй гэдгийг нь мэддэг учраас эрс эсэргүүцэн хэрвээ түүнтэй гэрлэвэл ямар ч хөрөнгө өвлүүлэхгүй, зөвхөн 1000 стерлинг л өгнө хэмээн гэрээслэнэ. Үүнийг нь мэдсэн Бела өв хөрөнггүй хүнтэй гэрлэх хүсэлгүй байгаагаа хэлсэн нь Хенригийн зүрхийг аймшигтай ихээр шархлуулж тэрээр Лондонгоос явахаар шийднэ. Явахдаа эцгийнхээ гэрээслэсэн 1000 стерлингийг авах гэсэн боловч хорон санаат ах нь саад хийснээр Хенри эцгээ буруугаар ойлгон ахиж хэзээ ч харьцахгүй байхаар шийдэн Италийг зорино. Италид зураач болж, дээрэмчдэд олзлогдож, тэднээс зугтаж бүгд найрамдахчуудтай нэгдэн Ромын хамба ламын эсрэг хувьсгалыг тэргүүлэх зэрэг олон адал явдлын гол дүр болон явахдаа Лючета гэх үзэсгэлэнт Итали бүсгүйд дурлан гэр бүл болон Өмнөд Америкт суурьшина.

Эцэг нь хайртай бага хүүгээ холбоо сураггүй алга болсонд нь уурлан бухимдавч түүнийг дээрэмчид олзлон эцгээс нь мөнгө нэхэхэд хүүгээ эсэн мэнд аварахын төлөө нэхэмжлэлийг нь явуулах хэдий ч хорон санаат том хүү нь дундаас нь будлиан үүсгэж хайртай эцэг хүү хоёрыг нэг нэгнээ дахин буруугаар ойлгох байдалд хүргэнэ. Хүүгээ хүлээн энэлэн шаналсан эцэг насан эцэслэхээсээ өмнө өөрийн итгэмжит хүндээ шинэ гэрээслэл үлдээх ба түүний агуулга нь: Хенри Хардинг хүүдээ өөрийн бүх хөрөнгөө өвлүүлж, Бела Мейнрингтэй гэрлэсэн том хүүдээ 1000 стерлинг үлдээнэ. Эзэнгүй газрын буг галзуурна гэгчээр эхнэр нөхөр хорон санаат хоёрт энэ дэлхий бүхэлдээ тэднийх мэт сайхан санагдаж эцгийнхээ бүх л хөрөнгийг өөрт нь өвлөгдсөн гэж санана.

Санамсаргүй байдлаар англи ахмад Өмнөд америкт явж байгаад Хенригийнд очин өөрийнх нь эзгүйд юу болсныг, эцгийнх нь итгэмжит хүн өөрийг нь хэрхэн хайж, хүлээж байгааг хэлэн өв хөрөнгөө очиж өвлөн авахыг санал болгоно. Хенри Лондонд эргэн ирж эцгийнхээ үлдээсэн хөрөнгийг өвлөн авах ба ахдаа өөрт нь гаргасан шиг сэтгэлийг бус өглөгч сайхан сэтгэл гарган амьдралдаа хэрэглэхэд нь хүрэлцэхүйц санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ. Хенри Лючета хоёрт Лондон дахь тансаг амьдралаас нь илүү Өмнөд америк дахь энгийн амьдрал нь илүү аз жаргалтай санагдан Өмнөд америк руугаа буцна.

Зохиолоос юуг тусгаж авав:

Өсөж том болоход хүний зан ааш өөрчлөгдсөн ч багаасаа олж авч төлөвшсөн зан чанар хүний ухамсарт үргэлж байдаг бөгөөд илрэн гарч ирэх цаг гэж байдаг.

Зөв амьдарсан хүний хорвоод үлдэх мөр нь хүртэл цагаан байдаг.

Хорон санаа эхэндээ хол явах юм шиг байвч төгсгөл нь эхлэлээсээ үргэлж дор байдаг.

Хүнд энэ хорвоод яаж амьдрах, ямар зам туулах нь анхнаасаа оногдсон байдаг ба үүнийг хүмүүс өөрийх нь ХУВЬ ТАВИЛАН гэж боддог.

Хэрвээ уншигч таньд миний бичсэн тэмдэглэл таалагдаж энэхүү номыг уншиж үзмээр санагдаж байгаа бол энэхүү номыг надаас ҮНЭГҮЙ авч уншиж болно шүү.

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet