Монголын авъяаслаг бизнесменүүдийн нууц
“Маш нууц” сонины эрхлэгч О.Чинзориг уг номыг эрхлэн гаргахаар шийдэж, өөрийн сэтгүүлч анд Ж.Батсүхийн хамтаар авъяаслаг бизнесмэнүүдийн амьдрал, арвин туршлага, уналт, босолтын түүхийг олны хүртээл болгосоноор уг ном нь 2007 онд худалдаанд гарсан даруйдаа бестселлер номоор шалгарч байсан удаатай.
Энэхүү номонд Монголын бизнес эрхлэгчдээс “авъяаслаг” хэмээх шалгуурт тохирсон 38 эрхмийн бодит амьдралын тухай өгүүлнэ.
38 өөр ертөнцийн амьдрал, оюун ухаан, 38 өөр ертөнцийг үзэх үзэл, авъяас чадвар, мэдрэмжийн тухай дэлгэрэнгүйгээр ямар ч нэмэлт хачиргүй зөвхөн тухайн хүний өөрийнх нь ярьсан үнэн бодит яриаг бичсэн энэ номноос зах зээлийн нийгэмд шилжиж, хувийн өмч бий болж Монголд “бизнес” гэх зүйл эхлэлээ тавьж байх 1990 онд эдгээр 38 өөр хүн хэрхэн сэтгэж, ажиллаж зах зээлээ мэдэрч өнөөгийн амжилттай бизнесүүдийнхээ эхлэлийг тавьж буй тухай сонирхолтой зүйлийг унших болно. 1940-д онд төрсөн хүнээс эхлээд 1970-д онд төрсөн залуухан хүмүүс ч 20 гаруйхан наснаасаа бизнесээ эхлэн олон бартаат замаар алхан унаж босож явсаар хүн хийнэ гэж зүтгэсэн л бол түүнийгээ биелүүлж болдгийг энэ 38 хүний амьдралын түүхээс тод харж болно. Тэдэнд тохиолдсон зүйлс туулсан бүхнийг нь унших явцад ийм зүйл чинь зөвхөн кинон дээр л гардаг биз дээ? гэж өгүүлэгчээс өөрийн эрхгүй асуумаар.
Эдгээр хүмүүст нэг л ижил зүйл байсан нь алдсан алдаа, бүтэлгүйтэл бүрээсээ суралцан заавал болгон бүтээнэ гэсэн оргилсон их хүсэл, дайчин чанар өөртөө итгэх итгэл байсан.
Номыг уншиж дуусахад бизнесийг зөвхөн баян хөрөнгөтэй хүн л хийдэг гэсэн явцуу бодлоос салж сохор зоосгүй ч гагцхүү зорьсон зүйлээ хийж эцсийг нь үзэх зориг, хичээл зүтгэл бага зэргийн мэдлэг байхад л хангалттай байдаг мэт санагдаж билээ.
Өнөөдөр эцгийн овгоосоо илүү үүсгэн бий болгосон бизнес, компаниараа овоглогдох хэмжээнд хүртлээ хөдөлмөрлөсөн хүмүүсийн түүхийг зүгээр л сонирхох бус тогтож суугаад заавал уншаад нэг үзээрэй.