Зүүднээс ч чинагш уй

Shinetuya.M
1 min readOct 28, 2024

--

Петер Хандке

Номын тэмдэглэлийг үнэхээр сайхан бичдэг нэгэн эмэгтэй энэ номын тухай ийн хэлсэн байсныг уншаад энэ номыг анх уншиж үзэхээр шийдсэн.

… Манайхан ээжийгээ ээж гэдэг талаас нь л харахаас хүн гэдэг талаас нь харах нүд сэтгэл дутмаг шиг санагддаг.

Нээрээ л бид энэ хорвоод тэр хүнээс мэндэлж, ээж гэдэг алдраар цоллохоос өөрөөр тэр хүнийг яаж гийгүүлсэн юм бол доо гэж энэ номыг унших явцад бодогдоно. Тэр хүн биднийг төрүүлсэн, биднийг өсгөж хүмүүжүүлэх нь эцэг тэр хоёрын үүрэг гэж бодож явснаас биш ээж гэдэг хүн чинь надтай л адил баярладаг гомддог, аливааг хүсдэг, аливаад тэмүүлдэг, үр хүүхдээ өсгөхөөс өөр тэр хүнд бас зорилго, мөрөөдөл гэж байдаг юм байна шүү дээ гэж бодоогүй л явсан байгаа юм даа өдийг хүртэл.

Яг дээрх шиг сэтгэлгээгээр ээжийгээ харж явсан бол энэ номыг уншаад үзээрэй гэж хэлмээр байна. Уншигч таныг сэтгэл рүүгээ өнгийж харах тэр замаар хөтлөн алхуулсаар гуниг ч гэмээр тийм нэгэн их бодолд аваачина.

Эх хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө цаг үргэлж хүчтэй байхаас өөр арга байгаагүй ч цавын цаанаа сул дорой байж үзмээр санагддаг л байх даа. Тэр ч бас нэгэн цагт аав ээжийн хайртай эрх танхи охин л байсан шүү дээ. Одоо л бидний ээж гэж хэлэгдэж байгаа болохоос биш.

2024.10.28

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet