Shinetuya.M
2 min readJan 28, 2021

Зарим хүмүүсийн хүсэх төдийдөө л эзэмших боловсролыг эзэмшихийн тулд зарим хүмүүс ямар их зүйлийг золиосолдог гэдгийг энэ номыг уншихаасаа өмнө хэзээ ч бодож байгаагүй юм байна.

ТАРА ВЕСТОВЕР “EDUCATED” номын тэмдэглэл

1986 онд АНУ-н Айдахо мужид бурханд итгэх итгэлээр дүүрэн нэгэн гэр бүлийн бага охин болж мэндэлсэн хүн бол Тара охин байлаа.

Тэрээр бусад ах эгчийнхээ адил гэртээ төрж, гэрээр боловсрол эзэмшиж, бурханы номонд (библи) зааснаас хэзээ ч гажиж үзээгүй бурханд дэндүү гэмээр итгэлтэй аавынхаа үгнээс огтхонч гарч үзээгүй аавынхаа хэлсэн бүхнээр л хорвоог төсөөлдөг дуулгавартай нэгэн байлаа. Эмэгтэй хүүхэд атлаа төмрийн хаягдал ялгах талбай дээр аав болон ах нарынхаа хамт ажиллаж ердөөс эмэгтэй хүүхэд ийм зүйлийг хийж болно гэж үү? гэж унших явцдаа өөрөөсөө олон удаа давтан асуумаар зүйлсийг тэр хийдэг, гэр бүл нь дэндүү гэмээр этгээд санагдаж байлаа.

Тара сургуульд сурах хүсэлтэй байгаагаа аав ээждээ хэлснээр тэдний дундах хөндийрлийн хаалга нээгдэнэ. Гэсэн ч Тара уулын оргил дээрх хачин жигтэй зүйлс хийдэг гэр бүлийнхэнтэйгээ үлдэхээс илүү боловсрол эзэмшихийг хүсэн гэрээсээ явж Бригам Янгийн их сургуульд орсноор түүний боловсролд тэмүүлэх их хүсэлтэй нь зэрэгцэн гэр бүлээ эргүүлэн олж авах гэсэн бодлын тэмцэл бас өрнөнө.

Номыг унших явцад нуруугаар хүйт даалгаж байсан нэг зүйл нь түүний ах Шоны гаргадаг үйлдэл байв. Төрсөн дүүгээ тэгээд бүр эмэгтэй хүүхдэд яаж тийм хэрцгий хандаж чаддаг байна аа гэж бүр шоконд ормоор аймшигтай. Тарагийн гэр бүлийн бурханд итгэх итгэлийг буруутгах арга бас байхгүй мэт санагдана. Тара гэрээсээ явж боловсрол эзэмших нь түүний хувьд хамгийн зөв шийдвэр байсантай адил гэр бүлийнхэнд ч мөн бурхандаа үүрд итгэлтэй байх нь хамгийн ЗӨВ нь байсан байж болох.

Гэрээр боловсрол эзэмшсэн энгийн гэхэд бүр хэтэрхий энгийн охин гэр бүлийнхээ эсэргүүцлийг сөрөн, илүү өндөр боловсролд тэмүүлэн явсаар докторын зэргээ хамгаалж буй нь үнэхээр гайхалтай.

Чамайг хэн бэ? гэдгийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл дотор чинь бий.

Эхлээд өөрийн юу хийж чадахыг олж мэд, тэгээд хэн болохоо шийд.

2021.01.28

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet