Shinetuya.M
2 min readOct 10, 2020

Амралтын өдрүүдэд амттай сайхан кофе уунгаа дуртай номоо уншиж суух нь жаргал юм.

……………………………………………………………………………………….

Бас нэгэн түүхэн номны уншсан тэмдэглэлээ сийрүүлэв.

“Домогт Ану хатан”

Монголын алтан ураг төрт ёсны түүхэнд гоо үзэсгэлэн хийгээд гүнзгий мэргэн ухаанаараа алдартай хатад олон байсны нэгэн төлөөлөл дөрвөн Ойрадын хошууд түмний хан Очирт сэцэн ханы хайртай ганц охин Домогт хэмээн мөнхөрсөн Ану хатны тухай өгүүлэхүй.

Аргын тооллын 1653 онд Очирт сэцэн ханы дунд хатан Доржравдан хатнаас нэгэн сэвгэр мэндэлсэн нь хожмын Ойрад түмний хаан Галдан бошгот хааны их хатан Ану байв.

Өтөл насанд минь алдрай бяцхан үр заяалаа хэмээн Очирт сэцэн хан охин Анугаа эрх дураар нь өсгөсөн бөгөөд Ану бүсгүй хүний үйлд шамдахаас илүү бүстэй хүний үйл хэрэгт дурлах нь их. Эрэгтэй хүүхдүүдтэй нум сум харвах,хөдөлгөөнт бай онох, ан авд эцгээ дагаж явах, хурдан хүлгийн зоон дээр салхи татуулан давхих зэрэг нь түүний хамгийн дуртай зүйлс байлаа.

Дөрвөн ойрад дундаас хошууд болон цорос аймгууд эртнээс алтан ургийн холбоотой байдаг уламжлалаа даган Цоросын Баатар ханы хүү Сэнгэ хунтайж хошуудын Очирт сэцэн ханы охин Анутай сүй тавих хэдий ч эрх мэдлийн төлөөх тэмцлийн хохирогч болон Сэнгэ хунтайж хорлогдоно. Ингээд асрахуйн ёсыг даган Ану Сэнгэ хунтайжын дүү Галдантай гэрлэн Сэвдэнбалжир нэрт хүү, Бум Юмчхай нэрт охид төрүүлнэ. Далай лам Галдан хаанд Бошгот цол хүртээж Галдангийн сүр хүч улам нэмэгдэж ингэснээр Дөрвөн Ойрадыг Халхтай нэгтгэн нэгдсэн Монголыг байгуулахыг хүсэх Галдангийн хүсэл эхэлнэ. Их Монгол улсын үеэс төрийн эрхийг зөвхөн алтан ургийн шууд удмын хүн л захирч ирсэн уламжлалд тэрслэх энэхүү байдлыг нь Халхын ноёд эрс эсэргүүцсэнээр Халх Ойрадын дундах хагарал тэмцэл эхэлнэ. Өнгөцхөн харахад эрх мэдлийн төлөөх тэмцэл мэт боловч алс далдуураа Монголчуудыг өөр хооронд нь хагаралдуулан Монголыг Монголоор нь үгүй хийх Манжийн Энх-Амгалан хааны хорт хар санаа цухалзана.

Аргын 1696 онд Ойрад Манж 2 улсын хүч тэцвэргүй тулалдааны үеэр Ану хатан Манжийн цэрэгтэй үхэх сэхэхээ үзэлцэн тулалдахаар эрс шийдэн эртний Монгол баатар эрс эцсийн шийдвэрлэх тулалдаанд орохдоо халуун амиа золин үхлээс үл шантрахын бэлгэдэл болгон мориндоо мөнгөн эвэрт бугын баг зүүгээд уухайлан дайрдаг загшлаар хуяг дуулгаа өмсөн мөнгөн багаар морио тоноглохыг тушаахад хатан эзнээ хориглох албатууддаа Монгол тулгатаны ариун гал голомт болсон халх нутгийн шороон дээр үхэж болно ялагдаж л болохгүй” хэмээн хэлээд Манжийн цэргийн бүслэлтийг сэтлэн нөхөр хүү хоёртоо дутаах зам гаргаж өгөхөөр тулалдаж байгаад суманд өртөн амиа алдана. Тийнхүү эрэлхэг хатныхаа ачаар Манжийн хааны гараас мултран гарсан Галдан бошгот хаан Ану хатнаа одоогийн Архангай аймгийн нутагт хөдөөлүүлж өөрөө Сэгс дүүрэн гэдэг газар очин суужээ. Галдан бошгот хаан хаанаас ч хэнээс ч тусламж авч чадахгүй байсаар хүндээр өвчлөн аргын 1697 оны хавар 54 насандаа тэнгэртээ буцахдаа “МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ” хэмээн гэрээслэсэн ажээ.

М. Шинэтуяа 20.10.10

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet